shkolakz.ru 1

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÕÓÓËÜ


СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСЭН ЭТГЭЭДИЙГ АЛБАДАН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот





НЭГДYГЭЭР БYЛЭГ

Нийтлэг үндэслэл


1 д
үгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь нийгмийн хэв журам хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг цагдаагийн байгууллагын хяналтад авч, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, албадан эрүүлжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.


2 дугаар з
үйл. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль тогтоомж

2.1.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, Архидан согтуурахтай тэмцэх тухай2, Цагдаагийн байгууллагын тухай хууль3, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.


3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээд” гэж өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон этгээдийг;

3.1.2.“албадан эрүүлжүүлэх” гэж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн өөрийн үйлдлээ удирдан хянах чадварыг нь сэргээх үйл ажиллагааг;

3.1.3.“эрүүлжүүлэх байр” гэж албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулах тусгай байрыг;

3.1.4.“хамгаалах хүн” гэж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн болон уг этгээдийг таньдаг бөгөөд түүнийг харгалзан хамгаалж авч явах боломжтой, насанд хүрсэн этгээдийг.


4 дүгээр зүйл. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх зарчим

4.1.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хууль дээдлэх, хүнлэг энэрэнгүй ёсыг эрхэмлэн нийгмийн аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зарчмыг баримтална.


5 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэх үндэслэл

5.1.Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас гэр бүлийн буюу бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж гэмт хэрэг үйлдэх, захиргааны зөрчил гаргах, мөн өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүргэнэ.

5.2.Энэ хуулийн 5.1-д заасныг үндэслэн иргэн санаачлан согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэж болно.

5.3.Согтууруулах ундаа хэрэглэсэн боловч өөрийн үйлдлээ удирдан хянах чадвартай, зөрчил гаргаагүй хүнийг эрүүлжүүлэх байранд албадан хүргэхийг хориглоно.

5.4.Гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг албадан эрүүлжүүлэхэд хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө.



ХОЁРДУГААР БҮЛЭГ

Эрүүлжүүлэх байр, түүний ажилтны эрх, үүрэг, эрүүлжүүлэх байрны нөхцөл, журам

6 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх байр

6.1.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тусгай байр нь аймаг, нийслэлд эрүүлжүүлэх байр нэртэйгээр байна.

6.2.Эрүүлжүүлэх байр нь цагдаагийн төв байгууллагын харъяалалд ажиллана.

6.3.Аймаг, нийслэлийн эрүүлжүүлэх байрны орон тоо, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг цагдаагийн төв байгууллагын даргын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

7 дугаар зүйл. Эрүүлжүүлэх байрны ажилтан, түүний эрх, үүрэг

7.1.Эрүүлжүүлэх байранд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч нь цагдаагийн байгууллагын ажилтны эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж, эрүүлжүүлэх байрны ажилтнууд, үйлчлүүлж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна.

7.2.Эрүүлжүүлэх байр нь мэргэжлийн эмчтэй байх бөгөөд тэр нь эмчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, цагдаагийн болон эмнэлгийн ажилтны эрх эдэлж, үүрэг хүлээн, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдэд эмнэлгийн үйлчилгээ шуурхай үзүүлж ажиллана.

7.3. Эрүүлжүүлэх байрны ажилтанд дараахь зүйл хийхийг хориглоно:

7.3.1. албадан эрүүлжүүлэх /цаашид “эрүүлжүүлэх” гэх/ шаардлагатай этгээдийг хүлээн авахаас татгалзах;

7.3.2.эрүүлжүүлэх буюу согтууг гаргах эмчилгээг хийхгүй байх, дутуу хийх;

7.3.3. үйлчлүүлэгч этгээдтэй хүнлэг бус харьцах;

7.3.4.үйлчлүүлэгч этгээдийг эрүүлжүүлэх байранд байх хугацаанд олж мэдсэн хувь хүний нууцыг задруулах, нэр хүндэд нь халдсан мэдээлэл тараах;

7.3.5.үйлчлүүлэгч этгээдийн биедээ авч явсан баримт бичиг, мөнгө, хувцас, эд зүйлийг ашиглах, үрэгдүүлэх, гэмтээх;

7.3.6.эрүүлжүүлэх шаардлагагүй этгээдийг хүлээн авах.



8 дугаар зүйл. Эрүүлжүүлэх байранд хүлээн авах

8.1.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хүргэж ирсэн цагдаагийн алба хаагч буюу иргэнийг байлцуулан эрүүлжүүлэх байрны эмч уг этгээдийн эрүүл мэндийн байдалд үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл хөтөлж, эрүүлжүүлэх байранд хүлээж авна.

8.2.Эрүүлжүүлэх байрны цагдаагийн алба хаагч нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хүргэж ирсэн хүн болон гэрчийн этгээдийг байлцуулан түүний биедээ авч яваа баримт бичиг, мөнгө, хувцас, эд зүйлийг хаяж, үрэгдүүлэхээс сэргийлж, тоо хэмжээ, содон шинж тэмдгийг нэг бүрчлэн тэмдэглэлд тусгаж, түр авч хадгална.

8.3.Тэмдэглэлд түр хадгалах зүйлийг хүлээн авсан цагдаагийн алба хаагч, үйлчлүүлэгч этгээд, түүнийг хүргэж ирсэн хүн болон гэрчийн этгээд гарын үсэг зурах бөгөөд үйлчлүүлэгч этгээд гарын үсэг зурж чадахгүй бол цагдаагийн алба хаагч тэр тухай тайлбар бичнэ.

8.4.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эрүүлжүүлэх байранд хүлээн авсны дараа цагдаагийн алба хаагч боломжтой бол энэ тухай түүний гэр бүлийн насанд хүрсэн этгээдэд нь мэдэгдэх арга хэмжээ авна.

8.5.Насанд хүрээгүй этгээд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирсэн тохиолдолд эрүүлжүүлэх байрны цагдаагийн алба хаагч уг этгээдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй холбоо тогтоож, тэдэнд хүлээлгэн өгөх арга хэмжээ авна. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй нь холбоо тогтоох боломжгүй бол насанд хүрээгүй этгээдийг эрүүлжүүлэх байранд хүлээн авна.

8.6.Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлэгч этгээд амиа хорлох, бусдад халдан довтлоход ашиглаж болох эд зүйл оруулахыг хориглоно.

8.7.Үйлчлүүлэгч этгээдээс галт зэвсэг, хутга мэс, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис илэрвэл цагдаагийн алба хаагч түр хураан авч, шалгах эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.


8.8.Дор дурдсан этгээдийг эрүүлжүүлэх байранд хүлээн авахгүйгээр эмнэлгийн түргэн тусламж дуудаж шилжүүлж өгнө:

8.8.1.нарийн мэргэжлийн эмчийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай гэмтэл биедээ авсан, хүнд болон халдварт өвчтэй;

8.8.2.мансууруулах бодис хэрэглэж хордсон нь тогтоогдсон.


9 дүгээр зүйл. Эрүүлжүүлэх байрны нөхцөл, үйлчилгээ үзүүлэх журам

9.1.Эрүүлжүүлэх байрны нөхцөл, түүнд тавигдах ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх журам, зайлшгүй шаардлагатай эм, тариа, эмнэлгийн багаж хэрэгслийн жагсаалтыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, стандартаар батлуулна.

9.2.Yйлчлүүлэгч этгээдийг насанд хүрсэн болон насанд хүрээгүй, эрэгтэй, эмэгтэйгээр нь тус тусад нь байлгана.

9.3.Үйлчлүүлэгч этгээдэд эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдон хөтөлсөн баримт бичгийг нэгтгэн архивын нэгж үүсгэн хадгална.


10 дугаар зүйл. Тусгаарлах өрөө

10.1.Эрүүлжүүлэх байр нь үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгаарлах өрөөтэй байна.

10.2.Тусгаарлах өрөөний цонх нь сараалжин хамгаалалттай, хаалга нь гадна талаасаа түгжээтэй, хянах шагайвартай, агааржуулах салхивчтай, модон шалтай байна.

10.3.Үйлчлүүлэгч этгээд догшин хэрцгий авирлаж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар бол уг этгээдийг зургаан цаг хүртэл хугацаагаар тусгаарлах өрөөнд нэг удаа байлгаж болно.

10.4.Гэмт хэрэг, захиргааны зөрчилд сэрдэгдэж байгаа этгээдийг тусгаарлах өрөөнд байлгаж, эрүүлжүүлсний дараа нэг цагийн дотор хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд шилжүүлнэ.

10.5.Цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг тусгаарлах өрөөнд байлгах үндэслэл, тусгаарлах өрөөнд орсон, гарсан цаг, хугацааг нарийвчлан тусгасан тэмдэглэл үйлдэнэ.


11 дүгээр зүйл. Эрүүлжүүлэх байранд байлгах хугацаа

11.1.Үйлчлүүлэгч этгээдэд эрүүлжүүлэх эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, эрүүлжүүлэх байранд 24 цаг хүртэл хугацаагаар байлгаж болно.

12 дугаар зүйл. Эрүүлжүүлэх байрнаас гаргах

12.1.Эрүүлжүүлэх анхан шатны тусламж авч, өөрийн үйлдлийг удирдан хянах чадвартай болсон этгээдийг эмчийн дүгнэлтийг үндэслэн эрүүлжүүлэх байрнаас гаргах бөгөөд энэ тохиолдолд хамгаалах хүн шаардагдахгүй.

12.2.Үйлчлүүлэгч этгээдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эрүүлжүүлэх байрнаас өдрийн цагаар гаргана.

12.3.Үйлчлүүлэгч этгээдийг гарах үед цагдаагийн алба хаагч түүний гарын хээ болон гэрэл зургийг санд хадгалахаар авах ба түр хадгалсан баримт бичиг, мөнгө, хувцас, эд зүйлийг өөрт нь, эсхүл уг этгээдийг авахаар ирсэн хамгаалах хүнд гэрчийн этгээдийг байлцуулан тэмдэглэлийн дагуу хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.

12.4.Үйлчлүүлэгч этгээдэд хийсэн эмчилгээг болон эрүүлжүүлэх байрнаас гаргасан цаг, хугацааг тэмдэглэн авч, хадгална.

12.5.Эрүүлжүүлэх байрны алба хаагч нь уг байранд удаа дараа үйлчлүүлсэн этгээдийг согтууруулах донтой эсэхийг тогтоолгохоор холбогдох эмнэлгийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авна.

12.6.Эрүүлжүүлэх байр нь уг байранд үйлчлүүлсэн этгээдийн талаар мэдээллийн сантай байна.

13 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хамгаалах хүнд хүлээлгэн өгөх

13.1.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн болон түүнийг хамгаалах хүний хүсэлтээр, эсхүл цагдаагийн алба хаагч өөрөө санаачлан тухайн этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэхгүйгээр хамгаалах хүнд хүлээлгэн өгч болно.

13.2.Эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирсэн этгээдийг хариуцан авахаар хамгаалах хүн ирсэн нөхцөлд тухайн этгээдийг хугацаа харгалзахгүй эрүүлжүүлэх байрнаас гаргаж, хамгаалах хүнд хүлээлгэн өгөх бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 12.1-д заасан эмчийн дүгнэлт шаардагдахгүй.

13.3.Цагдаагийн алба хаагч хамгаалах хүний баримт бичгийг шалгаж, хэнийг хэзээ, хаана, хэнд хүлээлгэн өгсөн, хүлээлгэн өгөх үед тухайн этгээдийн өмсөж явсан хувцас, биед нь байгаа баримт бичиг, мөнгө, эд зүйл, ил мэдэгдэх гэмтэл, шарх зэргийг дэлгэрэнгүй дурдсан тэмдэглэл хөтөлж, гарын үсэг зуруулна.

13.4.Хамгаалах хүсэлт гаргасан хүн нь баримт бичиггүй, өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл тухайн этгээдийг хамгаалан авч явах боломжгүй тохиолдолд цагдаагийн алба хаагч хамгаалуулахаар хүлээлгэн өгөхгүй.


14 дүгээр зүйл. Эрүүлжүүлэх байрны санхүүжилт

14.1.Аймаг, нийслэл дэх эрүүлжүүлэх байрны зардлын санхүүжилт нь улс, орон нутгийн төсөв, эрүүлжүүлэх үйлчилгээний хөлс, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

14.2.Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, үйлчилгээний хөлс төлөх журмыг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.




ГУРАВДУГААР БYЛЭГ

Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа этгээдийн эрх, үүрэг


15 дугаар зүйл. Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа этгээдийн эрх

15.1.Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа этгээд дараахь эрх эдэлнэ:

15.1.1. хувийн аюулгүй байдлыг хангуулах;

15.1.2.ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөл, унтаж амрах боломжоор хангагдах;


15.1.3.гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярих, уулзах;

15.1.4.эмнэлгийн үйлчилгээг хуульд заасан журмын дагуу авах;

15.1.5 өөрийн биед авч яваа баримт бичиг, мөнгө, эд зүйлийг түр хугацаагаар хадгалуулах;

15.1.6.хамгаалах хүн ирсэн нөхцөлд хугацаа харгалзахгүй эрүүлжүүлэх байрнаас гарах.


16 дугаар зүйл. Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа этгээдийн үүрэг

16.1.Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа этгээд дараахь үүрэг хүлээнэ:

16.1.1.эрүүлжүүлэх үйлчилгээний хөлс төлөх;

16.1.2.эрүүлжүүлэх байрны дотоод журмыг сахин биелүүлэх;

16.1.3.архинд донтох өвчтэй нь нотлогдсон тохиолдолд эмчийн зөвлөмжийн дагуу цаашид эмчлүүлэх.


17 дугаар зүйл. Өргөдөл, гомдол гаргах

17.1.Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлсэн этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүлжүүлэхтэй холбогдсон өргөдөл, санал, гомдлыг эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий дээд шатны байгууллагад болон прокурорын байгууллага, шүүхэд гаргаж болно.


18 дугаар зүйл. Эрүүлжүүлэх үйл ажиллагаанд тавих хяналт

18.1.Эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаанд харъяалах дээд шатны байгууллагууд хяналт тавина.

18.2.Эрүүлжүүлэх байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.


19 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

19.1.Эрүүлжүүлэх байрны ажилтан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, эрхэлсэн ажилдаа хайнга хандах, эрх мэдлээ урвуулан ашиглах, үйлчлүүлэгч этгээдийн эрүүл мэнд, хууль ёсны эрх, ашиг сонирхолд хохирол учруулах, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд эрүүлжүүлэх ажиллагаа явуулах зэргээр зөрчил гаргавал хууль тогтоомжийн дагуу сахилгын, захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээнэ.


19.2.Энэ хуулийн 16.1.1-д заасныг зөрчсөн үйлчлүүлэгч этгээдээс эрүүлжүүлэх үйлчилгээний хөлс төлүүлэх асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.


МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ



1 Монгол Улсын Yндсэн хууль -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дїгээрт нийтлэгдсэн.

2 Архидан согтуурах тухай хууль -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2000 оны 6 дугаарт нийтлэгдсэн.

3 Цагдаагийн байгууллагын тухай хууль -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1993 оны 8 дугаарт нийтлэгдсэн.