shkolakz.ru 1
БИ ЭЗЭНИЙГ ХАРЛАА”


Зарлиг: Иохан 20:1-18

Чухал зүйл: Иохан 20:18а “Магдалын Мариа ирж, шавь нарт -Би Эзэнийг харлаа гээд Есүсийн өөрт нь айлдсаныг тэдэнд хэлэв.”


Есүс нас барж, оршуулагдаад гурав хоног өнгөрч байлаа. Энэ үед Түүний дагалдагчид нь Иудейчүүдийн хавчлага дарамтнаас айн нуугдаж байв. Есүсийг хайрлаж, Түүнийг дагадаг байсан хүмүүсийн хувьд ямар аймшигтай, уйтгар гунигтай, харанхуй хэцүү цаг үе байсан бол оо? Тэдгээр хүмүүс өөрсдийн хайрлаж хүндэлж явсан Есүс Эзэнийгээ хэрцгий балмадаар, хөөрхийлөлтэйгээр загалмайд цовлогдохыг нүдээрээ харсан. Тиймээс тэдний зүрх сэтгэл, сүнс нь маш их зовж, шархалсан. Шавь нарын хувьд Есүсийг Израилын хаан болж, Ромын колончлолоос Израилын ард түмнийг чөлөөлнө хэмээн найдан хүлээж байсан. Гэвч тэдний энэ бүх итгэл найдвар Есүсийн үхэлтэй хамт унтран алга болсон. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул Өөрийн цорын ганц Хүүгээ үхэл үрүү илгээсэн. Гэхдээ энэ нь зүгээр л нэг уйтгартай, Бурханы хайрын түүх байсангүй. Энэхүү түүх нь бусад хайрын түүхтэй адил үхэлд ялагдаж, төгсгөл болоогүй, гайхамшигт хайрын түүх юм. Үхлийн хүч, үхлийн булшийг ялан дийлсэн түүх юм. Мөн бидний хүн нэг бүрт үхлийн хүчээс дээгүүрх ялалтыг өгч чадах тийм агуу хайр юм.

Иохан 20 дугаар бүлэг Магдалын Мариа долоо хоногийн эхний өдөр эрт харанхуй байхад Есүсийн хадан булш уруу очиж байгаа үйл явдлаар эхэлдэг. Тэгэхээр Магдалын Мариа гэж хэн байсан бэ? Тэр бол Есүсийн хайр, ивээл, нигүүлслийг чин зүрх сэтгэлээсээ амсаж үзэж, мэдэрсэн эмэгтэй юм. Есүстэй уулзахаас өмнө долоон чөтгөрт эзэмдүүлэн зовж шаналж байсан. Харин Есүс түүнийг тэрхүү Сатаны хүчнээс чөлөөлж өгсөн. Тэр цагаас эхлэн тэрээр Есүст үүрд өртэй болсон. Тэрээр өөрийн бүхий л амьдралаа Есүст болон Түүний үйлчлэлд зориулсан. Есүс болон шавь нарын хамт нэг газраас нөгөө газар уруу хот тосгодоор аялан явж, өөртэй нь адил зовлон бэрхшээлтэй хүмүүст тусалдаг байсан. Харин одоо уйтгар гунигаар дүүрэн тэрээр хамгийн сүүлийн удаа ч болов Есүст хандсан өөрийн хайр, чин сэтгэлээ илэрхийлэхээр булш уруу очсон байна. Харин тэрээр дэлхийн шаналал, уйтгар гуниг, харанхуй байдал нь хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн агуу үйл явдал болох Есүсийн дахин амилалтаар дамжуулан өөрчлөгдөхийг хараахан мэдээгүй байлаа.


Мариа булш уруу ойртон очоод нэгэн хачирхалтай зүйлийг харсан: булшны амнаас хадыг зайлуулсан байлаа. Тэгээд энэ харсан зүйлээ Есүсийн дагалдагч нарт хэлэх хэрэгтэй болсон. Тиймээс тэр Петр, Иохан нар уруу гүйн ирж “Тэд Эзэнийг булшнаас авчихжээ. Түүнийг тэд хаана тавьсныг бид мэдэхгүй” гэж хэлэв. Үүнийг сонсоод Петр, Иохан нар булш уруу яаран гүйв. Ингэж яаран гүйн очсон нь яг юу болсныг мэдэхийг хүссэн тэдний сэтгэлийг харуулж байна. Эндээс мөн тэдний зан чанарын ялгааг ч харж болно. Иохан маш хурдан гүйдэг хүн байсан, гэхдээ юманд илүү нухацтай, бодолтой ханддаг. Харин Петр илүү сэтгэлийн хөөрөлтэй учир шууд л булш уруу гүйсэн.

Иохан булшинд хүрч очоод “Хараад итгэв” () гэжээ. Тэр яг юу харсан бэ? Тэр хоосон булш харсан. Есүс тэнд байгаагүй. Мөн тэр маалинган даавуу болон толгойг нь ороосон даавууг ч харсан. Тэдгээр даавуунуудыг булшинд тарааж тавьсан эсвэл тайлаад зүгээр л овоолоод тавьсан байсан уу? Үгүй ээ! Тэдгээр даавуунууд яг Есүсийн биеийг таьсан тэр газарт байсан. Харин одоо хоосон булш л үлдсэн байна. Мөн Есүсийн толгойг ороосон даавуу яг Есүсийн толгой байсан тэр газартаа байсан. Эдгээр баримтууд бол Есүсийг үхлээс амилсан гэдэг маргашгүй, үгүйсгэж боломгүй баталгаа нотолгоо юм. Иоханы хувьд тэрээр тэрхүү баталгаа, нотолгоон дээр үндэслэн итгэсэн ч тэд Есүс үхэгсдээс амилах ёстой гэсэн Судрыг хараахан ойлгоогүй л байсан. Хожим нь шавь нар Судар дээр үндэслэн Есүсийг дахин амилалтыг хүлээн зөвшөөрч байгааг харж болно. Петр Пентекостын өдөр тунхагласан өөрийн үгэндээ Дуулал 16 дугаар бүлгээс иш татан “Христийн амилалтыг угтан харж, Тэр үхэгсдийн оронд орхигдсонгүй, Түүний махан бие ялзралыг ч үзсэнгүй” гэжээ. Энэ Есүсийг Бурхан амилуулсан бөгөөд бид бүгдээрээ үүний гэрч нар мөн” (Үйлс 2:31-32) гэж авсан байдаг. Эндээс бид бүхэн Судар бол бидний итгэлийн хамгийн чухал хэсэг гэдгийг харж болно. Судар буюу Бурханы үггүйгээр бид юмсыг тодорхой ойлгож чадахгүй. Харин Бурханы үг байвал бүх зүйлс тодорхой, утга чиртай болно.


Петр, Иохан хоёр Есүст үнэхээр их хайртай байсан. Гэвч хоосон булшийг харсныхаа дараа тэд зүгээр л буцаад яваад өгсөн. Харин эсрэгээрээ Мариа итгэлтэйгээр тэндээ үлдсэн. Тэр хаашаа явахаа эсвэл юу хийхээ мэдээгүй учир булшны гадаа зогсоод уйлсаар байв. Есүс Мариагийн хувьд бүх зүйл нь байсан. Зөвхөн Есүс л түүнийг бүрэн дүүрэн ойлгож чадах ганц хүн нь байлаа. Есүстэй байхдаа, тэрээр өөрийгөө үнэ цэнтэй хайрлагдсан гэдгээ мэдэрдэг байсан. Өөр хэн ч түүнд ийм мэдрэмжийг өгч чадаагүй. Харин одоо тэрээр энэ орчлон дээр өөрт нь ийм үнэ цэнтэй, чухал нэгнийгээ алдсан. Мариа өөрийн бүх итгэл найдвараа хүн болж ирсэн Есүст тавьсан байсан тул одоо түүнд бүх зүйлээ алдсан мэт санагдаж байгаа. Та өмнө нь ийм гүн уй гашуу, шаналалыг мэдэрч байсан уу?

Ерөнхийдөө хүмүүс эмэгтэйчүүдийг их амархан уй гашууд автдаг, уярамтгай гэж боддог ч эрчүүдэд ч бас уйтгарлан шаналах үе байдаг. Эрэгтэй хүний хувьд энэ нь чин зүрх сэтгэлийн, маш чухал асуудал байдаг. Дэлхий дээр бид маш олон уйтгарлаж гунигласан хүмүүсийг харж болно. Гэтэл тэдгээр хүмүүстэй адил уйтгарлаж гунигласан итгэгчид дэлхий дээр яагаад ийм олон байна вэ? Гуниглаж шаналахад олон шалтгаан байж болно: хайртай хүнээ алдах, хайр дурлалын асуудал, санхүүгийн болон эрүүл мэндийн асуудал, хүүхдүүд сайн хүн болж-сүнслэгээр өсөхгүй байх, библийн хичээл хийдэг хүмүүс, хоньд нь цуглаанаас холдох гэх мэт.

Эдгээр нь бүгдээрээ уйтгарлах бодит жам ёсны шалтгаанууд болдог. Гэхдээ заримдаа хэдий бид Есүсийг мэддэг ч гэсэн, эдгээр асуудлуудыг шийдэх аргагүй мэт санагддаг. Яг л Мариа шиг Есүсийн булшны дэргэд яахаа мэдэхгүй уйлсаар үлддэг. Яагаад ийм байдаг вэ? Учир нь гэвэл бид амилсан Есүстэй хувьчлан уулзаагүйд байгаа юм. Бид Есүстэй ингэж хувьчлан уулзахгүй л бол бүх амьдралаа Түүнд бүрэн даатгаж чадахгүй. Уйтгар гуниг зовлон шаналал байсаар л байна. Тэгвэл амилсан Есүстэй уулзсанаар бидний уй гашуу уйтгар гуниг хэрхэн арилах вэ? Мариагийн жишээн дээрээс харцгаая.

Мариа уйлан гашуудаж байхдаа, булш уруу дахин нэг удаа тонгойн харсан. Гэтэл тэрээр Есүсийн цогцсыг тавьсан газарт нэг нь толгойн тэнд, нөгөө нь хөлөн талд нь сууж байгаа хоёр тэнгэр элчийг олж хараад маш их гайхаж цочирдсон. Тэд түүнээс “Эмэгтэй чи юунд уйлна вэ?” хэмээн асуухад Мариа ”Тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд Түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй” гэж хариулав. Тэгээд тэр эргэж хараад Амилсан Есүсийг тэнд зогсож байхыг харсан. Есүс Мариагаас “Эмэгтэй, чи юунд уйлна вэ? Чи хэнийг хайна вэ?” гэж асуув. Есүсийг танихгүй, зүгээр л нэг цэцэрлэгч гэж бодсон Мариа “Эзэнтэн, хэрэв та Түүнийг авсан бол хаана тавьснаа надад хэлнэ үү? Би Түүнийг авах гэсэн юм” гэв. Мариа Есүст маш их хайртай байсан бөгөөд яаж Түүнийг биеийг авч явахаа ч бодолгүй шууд л Есүсийг олохыг хүссэн. Түүний айдас бүрхсэн нүд нь хоосон булшийг л харж байсан учраас өөрийнх нь хажууд зогсож байгаа Тэнгэрийн улсын алдар гийсэн Есүсийг таньж чадаагүй. Түүний бодлоор бол Есүс үхлийн хүчийг ялан дийлж амилна гэдэг нь боломжгүй зүйл байсан.


Ингээд Есүс түүнд өөрийгөө илчилсэн. Есүс “Мариа” гэлээ. Энэ нь түүний хоньчин болох Есүсийн дуудах дуу байв! Есүс бол бидний хүн нэг бүрийг нэрээр минь мэддэг Сайн Хоньчин. Тэр бол биднийг эхийн хэвлийд байхаас минь эхлэн урлан бүтээсэн Бүтээгч Бурхан. Биднийг нэг бүрчлэн мэддэг бас хайрладаг Бурхан. Биднийг нэрээр минь “Майкл, Кэрин, Хэнри, Женнифер” гэж дотноор дууддаг. Есүс Мариагийн нэрийг дуудахад тэр эргэж хараад еврейгээр “Рабуни! (Багш гэсэн утгатай)” гэжээ. Үүнийг сонсоод тэрээр шууд гүйж очоод Түүнийг тэврэн “Энэ удаад би Таныг хэзээ ч явуулахгүй. Би Таныг дахиад алдахгүй” гэж хэлэх ёстой байсан байх. Гэвч Есүс түүнийг тэвэрсэнгүй. Харин түүнийг Өөрт нь хүрэхийг болиулаад “Би дээшээ Эцэгтээ хараахан очоогүй байгаа тул Надад бүү хүр. Харин миний ах дүү нар уруу очиж, тэдэнд ‘Би Миний Эцэг ба та нарын Эцэгт, Миний Бурхан ба та нарын Бурханд очно’ ” гэдгийг хэл гэлээ.

Мариад энэхүү үгийг дамжуулах үүргийг өгч байгаа Есүсийг харвал Түүний Мариад хандсан хайр ямар гүн гүнзгий байсныг харж болно. Есүс Мариаг тэрхүү уй гашуугаасаа болж дахин шаналаасай гэж хүсээгүй. Түүний зүрх сэтгэлийг баяр хөөрөөр дүүргэж амьдралд нь шинэ үүрэг, зорилго өгсөн. Есүс Мариатай дахин шинэ сүнслэг, итгэлийн харилцаа тогтоохыг хүссэн. Мариа зөвхөн Есүсийн амилалтыг харсан анхны гэрч байгаад зогсохгүй мөн Есүсийн амилалтын сайн мэдээг тараах, Есүсийн илгээсэн анхны элч болсон юм.

Есүсийн дахин амилсан мэдээ нь зөвхөн шавь нарт хандсан мэт боловч маш өргөн хүрээтэй мэдээ байсан. Амилсан Есүс нэгэн уйтгарлаж шаналсан эмэгтэй болох Мариа дээр ирсэн. Гэхдээ Есүс түүнд дараа нь “Яв” тэгээд энэхүү сайн мэдээг тараа гэж хэлсэн. Есүс үхлийн хүчнээс болж зовж шаналж байгаа хүн нэг бүрийг анхаарч халамжилдаг. Тэр бидэн уруу ирж, бидний зүрх сэтгэлд амилалтын итгэлийг суулгаж өгдөг. Тэгээд бидэнд дэлхийгээр явж энэхүү баярын сайн мэдээг бусадтай хуваалц гэсэн үүрэг өгдөг.

Есүсийн дахин амилсан хүч нь жирийн бус гайхалтай хүч байсан. Есүс Мариагийн уйтгар гунигийг баяр хөөр болгон өөрчилсөн. Есүсийн дахин амилалт нь гэм нүгэл болон үхлийн хүчийг устган дийлсэн юм. Уйтгарлаж гунигласан хүмүүс хамгийн аз жаргалтай, баяр хөөртэй нэгэн болж өөрчлөгддөг. Айдас хүйдсээр дүүрэн нэгэн хамгийн эр зоригтой хүмүүс болдог. Хувиа хичээсэн нэгэн нь илүү золиостой, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй болдог. Есүсийн дахин амилалтын хүч нь үхсэнийг амилуулж, тэдгээр эмзэг, итгэл найдваргүй болсон, үхэх шийтгэлтэй махан биеийг өмссөн хүмүүс, тэдгээрийн зүрх сэтгэлд хамгийн хүнд хэцүү нөхцөлд ч бай дахин амилалтын шинэ итгэлийг суулгаж өгдөг.


Энэ зарлиг надад миний амьдралд тохиолдож байсан уйтгар гунигтай хэсэг үеийг маань санагдуулж байна. Би төгс хайрыг олно гэж үргэлж мөрөөддөг байсан. Тэгээд миний бодож байсан хүн гарч ирэхэд миний зүрх сэтгэл тэр хүнтэй гэрлэхээр нэгэнт шийдсэн байсан. Би бүр үүнийг Бурханаас надад өгсөн хүн гэж бодож итгэн, сүмд авч ирэн библийн хичээл хүртэл хйиж байсан. Миний библийн багш надад гэрлэлтээс өмнө библи судлах, библийг бусдад заах болон Есүсийн талаар илүү ихийг сурч мэдэж, Түүнийг танихад гол анхаарлаа хандуул гэж зөвлөдөг байсан. Би тэр хүнийгээ Бурхан дээр авч ирнэ хэмээн маш их сэтгэл догдолж байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд миний зүрх сэтгэлд нэгэн том зөрчил гарч ирсэн. Тэр хүн миний итгэж найдаж хүлээж байсанчлан сүнсээр өсөхгүй байлаа. Түүнтэй гэрлэх нь Бурханы хүсэл байгаасай гэж би шөнө алгасалгүй уйлан залбирахад ч бэлэн байсан.

Хэдийгээр Есүсийг дагах нь хамгийн чухал, хамгийн сайн зүйл гэдгийг мэддэг байсан ч ингэж амьдрах нь миний хүсэж байсан амьдралаас илүү намайг аз жаргалтай болгоно гэдэгт би нэг л итгэж чаддаггүй байсан. Гэхдээ Бурхан намайг Иохан 1:39-д “Ир, та нар харна” гэсэн үгээр дамжуулан удирдсан. Бурхан миний зүрх сэтгэл доторх зөрчил, тэмцэлийг мэдэж байсан. Хэрвээ Есүсийг дагавал миний амьдрал ямар ивээлтэй, ерөөлтэй болохыг надад харуулахыг хүссэн. Тиймээс би нөгөө хүнтэйгээ харилцаагаа тасалж, тэр ч цуглаанаас явсан. Гэсэн ч зүрх сэтгэл минь шархалж үлдсэн.

Яг ийм хэцүү үед, Амилсан Есүс миний зүүдэнд ирсэн. Бид нүүр нүүрээ харан Тэр яг миний нүд үрүү хараад зогсож байсан. Есүс миний өвчин шаналал, уйтгар гунигийг ойлгож, энэ бүх хэцүү үед надтай хамт байна гэж надад амалсан. Түүний хайр миний зүрхэнд дүүрэн бялхаж, би амар тайван болсон. Ингэснээр Амилсан Есүс миний зүрх сэтгэлийг эдгээж эхэлсэн бөгөөд хоньчны амьдралаар амьдрах үүргийг минь дахин сануулж, шинэчилж өгсөн.

Үүнээс хойш хэсэг хугацааны дараа миний хамгийн итгэмжтэй библийн хичээл хийдэг хоёр хонь маань цуглаанаа орхиж явцгаасан. Би маш их урам хугарч, сэтгэлээр унасан. Гэхдээ Бурхан надад миний амьдралын чухал зүйл болох Иохан 12:24 “Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв улаан буудайн үр газар унаад үхэхгүй бол тэр ганцаараа үлдэнэ. Харин хэрвээ тэр үхвэл олон үр бий болгоно” гэсэн ишлэлийг өгсөн. Энэ ишлэлээр дамжуулан Бурхан надад үр жимстэй амьдрахын нууцыг мэдүүлж өгсөн бөгөөд би маш их талархаж, баяр хөөртэй нэгэн болж хувирсан. Цуглаанаа орхиж явсан хоёр охины маань нэг нь буцаж ирэн сайн библийн багш, хоньчин болж өссөн.

Хэдэн жилийн дараа, Бурхан намайг маш итгэмжит, сайн нөхөр Жэсонтой гэрлүүлэхээр удирдаж бидэнд гайхалтай 4 хүүхдийг зөвшөөрч өгсөн. Есүсийг дагадаг амьдрал бол үнэхээр хамгийн баяр хөөртэй, ивээлтэй амьдрал юм.

Тэгэхээр, уйтгарлан гуниглаж, үхлийн янз бүрийн айдсаас болж зовж шаналсан үедээ бид Амилсан ­Есүсийн биднийг нэрээр минь дуудаж байгаа дуу хоолойг сонсох хэрэгтэй. Есүс бидний зүрх сэтгэлд хүрч, эдгээн мөн биднийг өөрчлөхийг зөвшөөрөх хэрэгтэй. Түүний бидэнд хэлж буй “Яв” гэсэн үүргийг хүлээн авч, бусдад хуваалцацгаая. Тэгвэл Амилсан Есүсийн бидэнд өгдөг баяр хөөр, амьдралын зорилгоор дамжуулан бид өөрсдөө “Би Эзэнийг харлаа” гэж зоригтойгоор гэрчлэх болно.